Tuesday, October 4, 2011

Нярайн шарлалт

Охин маань эрүүл саруул энэ хорвоод мэндлээд өнөөдөр яг 24 хонож байна. Өнөөдөр өрхийн эмч нь ирж үзсэн. Гэтэл физиологийн шарлалт нь арилаагүй байна гээд өмнө нь ууж байсан liv52, урсофальк, мөн люминали гээд эмийг үргэлжлүүлэн 7 хоног уухаар бичиж өглөө. Охиндоо энэ эмнүүдийг бараг 14 хоног өгсөн болохоор одоо ахиад өгнө гэхээр тээр жижигхэн амьтаныг эмээр бөмбөгдөж байгаадаа өрөвдөөд байхын.
Гэхдээ шарлалт нь гайгүй болж байвал ч яаамай. Нярай асрана хүн болгоно гэдэг чинь их том ажил байдаг юм байна.
Нярайн шарлалтын талаар ийм ярилцлага байна. Охиноо сайтар ажиглаж л байхаас тэгээд эмийг ямар ч байсан өгөөд үзэхээс бас 4 дэхь өдөр ахиад нарийн мэргэжлийн эмчид давхар үзүүлдэг ч юм билүү дээ.
Шарлалт нь 13нд гэж үзвэл одоо яг 3 долоо хоног болсон байна.



Нярайн шарлалт



Манай хүүхдийн арьс шардуу харагдаад байх юм. Энэ хэвийн зүйл үү?
Гүйцэт нярай хүүхдийн 50-60 хувьд арьс нь шаргал туяатай болох үе байдаг бөгөөд үүнийг нярайн шарлалт гэж нэрлэдэг. Энэ нь төрсний дараах эхний болон хоёрдах долоо хоногт тохиолддог. Ихэнх хүүхдэд нярайн шарлалт түр зуурын, аюул багатай зүйл байдаг бөгөөд энэ нь өөрөө аяндаа эсвэл бага зэргийн эмчилгээний үр дүнд арилдаг байна. Гэвч цөөн тохиолдолд хүнд хэлбэртэй тохиолддог бөгөөд энэ үед нүдэнд нь шарлалт илэрч байгаа эсэхийг маш сайн анзаарах хэрэгтэй.

Нярайн шарлалтын шалтгаан юу вэ?

Цусанд агуулагдаж байдаг билирубин хэмээх пигментийн хэмжээ ихсэх нь арьсны шарлалтын шалтгаан болдог. Цусны хөгширсөн улаан эс задрах үед задарлын бүтээгдэхүүнээс нь билирубин үүсдэг байна. Бүх хүмүүсийн цусанд билирубин байдаг бөгөөд энэ нь элэг болон өтгөнөөр гадагшилж хүний биеэс зайлуулагддаг. Хүүхэд төрөхөөс өмнө жирэмсэн эмэгтэйн элэг түүний билирубиныг биеэс нь зайлуулж байдаг. Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэг өөрийн үйл ажиллагааг бүрэн гүйцэд явуулж эхлэх хүртэл хэсэг хугацаа шаардагддаг. Энэ үед нярайн шарлалт хэмээн нэрлэгдэх арьс шаргал харагдах өөрчлөлт илэрдэг байна. Энэ хэлбэрийн шарлалтыг эмч нар нярайн физиологийн шарлалт гэж үздэг. Ихэвчлэн хүүхэдэд төрсний дараах 2-3 дахь хоногт шарлалт нь илрэх бөгөөд 2 долоо хоногийн дотор өөрөө аяндаа арилдаг. (Дутуу төрсөн хүүхдэд шарлалт нь 5-7 хоногт дээд хэмжээндээ хүрч 2 сар хүртэлх хугацаанд алга болдог) Шаргал өнгө нь хүүхдийн хөлийн хуруунаас эхлэн дээшилж цээж хүзүү болох хамгийн сүүлд нүүр гэсэн дараалалаар арилдаг байна.

Нярайн шарлалт нь хөхөөр хоолохтой холбоотой юу?

Хүүхэд хангалттай хэмжээний сүү хөхөж чадахгүй байгаа бол нярайн шарлалт үүсэх нөхцөл болдог. Учир нь хангалттай шингэн авч чадахгүй байгаа тохиолдолд өтгөнөөр ялгаран гарах ёстой билирубин биеэс бүрэн гадагшилдаггүй байна. Хэрэв ийм байдал үүсвэл эмчтэйгээ хүүхэд хооллолтын талаар зөвлөлдөх, хөхөөр зөв хооллох зөвлөгөө авах шаардлагатай. Америкийн Хүүхэд судлалын Академийн зөвлөмж ёсоор эхний цөөн хэдэн өдөр хүүхдээ өдөрт 8-12 удаа хөхүүлэх шаардлагатай гэж үздэг. Зарим хүүхдэд “хөхний сүүний нярайн шарлалт" гэсэн ойлголтууд байдаг. Энэ нь голдуу 7-11 дэхь хоногтойд нь оношлогддог. Хэдийгээр таны хүүхэд сайн асруулж, биеийн жин хэвийн боловч зарим тохиолдолд хөхний сүү нь хүүхдийн элэгний билирубин боловсруулах чадварыг бууруулдаг. Энэ нь нярайн физиологийн шарлалтын нэг хэлбэр боловч хэдэн долоо хоногоос сар хүртэл хугацаанд үргэлжилж болно. Магадгүй таны хүүхдийн билирубины хэмжээ хэтэрхий өндөр байвал хөхөөр хоололтыг нь 1-2 хоног зогсоох шаардлагатай болж болно. Та тэр үед хөхний сүүгээ сааж байх шаардлагатай бөгөөд билирубин буусан тохиолдолд хөхөөр хоололтоо үргэлжлүүлэх хэрэгтэй.

Шарлалт ямар хор уршигтай вэ?

Ихэнх тохиолдолд шарлалт бол санаа зовоох асуудал биш байдаг. Гэвч хүүхдийн цусан дах билирубины түвшин хэт өндөр байх үед зохих эмчилгээ хийхгүй бол билирубины хэмжээ цаашид нэмэгдэн хүүхдийн мэдрэлийн тогтолцоог гэмтээх шалтгаан болдог байна. Хүнд хэлбэрийн шарлалттай байсан нярай хүүхдийн цөөн хэсэгт тархины гэмтэл үүсдэг. Үүний улмаас сонсголгүй болох, хөгжлийн хоцрогдол үүсэх болон саажилт үүсэх зэрэг ноцтой хүндрэл гардаг байна.

Ямар хүүхдэд нярайн шарлалт илүүтэй тохиолдох вэ?

Доорх хүүхдүүдэд нярайн шарлалт илүү тохиолдох хандлагатай байдаг. Үүнд:
• Хэрэв түүний ах, эгч нар нярайн шарлалттай байсан бол
• Төрөлтийн үеийн хөхрөлттэй төрсөн бол. (хөхрөлтийн нэг хэсэг болсон улаан эсүүд задрах үед биллирубин ихээр үүсдэг.)
• Дутуу төрсөн хүүхдийн элэг бүрэн үйл ажиллагаа явуулах боломжгүй учир билирубины солилцоонд дутуу оролцоно.


Нярайн шарлалтыг яаж шалгаж үзэх вэ?

Хүүхэд төрөх үед нярайн шарлалттай эсэхийг эмч нар шалгаж үздэг.Хэрэв эхний 24 цагт нярайн шарлалт илэрвэл зайлшгүй шинжилгээ хийх шаардлагатай. Мөн билирубины хэмжээ их байж магадгүй тохиолдолд төрсний дараах 3-5 хоногт мөн ажиглалтанд байдаг. Хэрэв нярайн шарлалтын шинжүүд илэрвэл эмч хүүхдийн арьс болон цусанд билирубины хэмжээг үзэх шинжилгээ хийдэг. Хэрэв төрсний дараа удалгүй эмнэлгээс гарсан тохиолдолд нярайн шарлалт илэрч байгаа эсэхийг хамгийн түрүүнд ажиглах хүн эх өөрөө юм.
 Нярайн шарлалтыг хэрхэн илрүүлэх вэ?
1. Байгалийн гэрэл сайтай орчинд хүүхдээ байлга
2. Хэрэв хүүхэд тань цайвар арьстай бол дух, хамар, эсвэл цээжин дээр хуруугаараа зөөлөн дараад авах үед шаргал туяа татаж байгааг ажиглах
3. Хэрэв хүүхэд тань бор арьстай бол түүний буйл болон нүдний цагаан нь шарласан эсэхийг шалгах хэрэгтэй.


Би хүүхдийн эмчид хандах шаардлагатай юу?

Таны хүүхдийн арьс шар байвал ялангуяа нүдний цагаан болон хэвлий, гар хөл нь шар туяатай байвал хүүхдийн эмчид хандаарай. Мөн нярайн шарлалт хэдийгээр бага боловч 3-аас дээш долоо хоног үргэлжилсэн болон хүүхэд нойрмог, хөхөндөө дургүй болох зэрэг шинжүүд илэрвэл эмчид даруй хандах хэрэгтэй.

Нярайн шарлалтын хүндэрлийг яаж мэдэх вэ?

Төрсний дараах эхний 24 цагт шарлалт илэрвэл энэ нь яаралтай хяналтанд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн үг. Энэ төрлийн нярайн шарлалт нь нийтлэг биш бөгөөд голдуу эх болон хүүхдийн цусны бүлгийн тохиромжгүй байдлаас болдог. Хэрэв таны цусны бүлэг O эвсэл Rh-negative (резус сөрөг) бол энэ нь хүүхдийн цусны бүлэгтэй тохиромжгүй байж болох юм. Жирэмсний хяналтын үзлэгийн үед таны цусны бүлгийг тодорхойлж эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг мэдсэн байх шаардлагатай бөгөөд харин хүүхдийг төрөн төртөл нь цусны бүлгийг тодорхойлох боломжгүй байдаг. Иймд хүүхдийг төрөнгүүт цусны бүлгийг нь тодорхойлох шаардлагатай байдаг. Хэрэв та резус сөрөг цустай харин хүүхэд тань резус эерэг цустай байгаа нөхцөлд нярайн цус задрах өвчин үүсч болзошгүй. Мөн төрсний дараах эхний 24 цагт илэрч буй шарлалт нь элэг, цөсний хүүдий, ходоод гэдэсний эмгэг, мөн халдвар, төрөлтийн үеийн гэмтэл, дутуу төрөлт зэрэг шалтгаануудын улмаас үүсч болдог байна.

Нярайн шарлалтыг хэрхэн эмчлэх вэ?

Нярайн шарлалт ихэнх тохиолдолд аяндаа арилдаг боловч шаардлагатай тохиолдолд фото эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй, аюулгүй арга юм. Хүүхдийн нүдийг халхалж хэт ягаан туяагаар шарж өгснөөр билирубиныг шээсээр илүү хурдан ялгарах хэлбэрт шилжүүлдэг. Өөр нэгэн арга нь били-хөнжил хэмээх туяагаар шарах арга бөгөөд энэ нь эмчийн заавраар хийгдэх ёстой. Фото эмчилгээ нь ихэвчлэн үр дүн сайтай байдаг боловч хүнд хэлбэрийн шарлалттай хүүхэд болон эмчилгээний явцад хүүхдийн билирубины түвшин үргэлжлэн нэмэгдсээр байвал эрчимт эмчилгээний хэсэгт шилжүүлж цус сэлбэх болон бусад эмчилгээ хийх шаардлагатай болдог. Та өөрөө хүүхдээ сайн хөхүүлж хооллосноор баасаар гадагшлах билирубины хэмжээг нэмэгдүүлж шарлалтыг багасахад туслах болно. Хэрэв танай хүүхдэд шарлалттай холбоотой асуудал байвал эмчид үзүүлж зөв арга хэмжээ авснаар хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадах болно.

0 comments:

Post a Comment